Үндэсний Дата Төв | Where Information lives...

ОӨУБЕГ, “Үндэсний Дата Төв” УТҮГ хамтран ажиллахаар боллоо

2017 оны 01 дүгээр сарын 16 –ны өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, “Үндэсний Дата Төв” УТҮГ хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж холбогдох албаны удирдлагууд гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, “Үндэсний Дата Төв” УТҮГ –ын захирал Б.Батжаргал болон бусад албаны хүмүүс оролцов.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлж буй үйлчилгээнээс цахим хэлбэрт шилжих боломжтой үйлчилгээг нэвтрүүлж, хамтран ажиллахаар тохиролцжээ. Хамтын ажиллагааны хүрээнд:

  • Төрийн үйлчилгээнд тоон гарын үсгийг нэвтрүүлэх,
  • Хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийн бүртгэлийн системийг нэвтрүүлэх,
  • Дипломат төлөөлөгчийн газар болон ОӨУБЕГ-ын алслагдсан нэгж болох сум, хороодоос тусгай сүлжээгээр дамжуулан бүртгэлийн мэдээллийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар хүлээн авах системийг хөгжүүлэх,
  • Архивын лавлагааны мэдүүлгийг онлайнаар хүлээн авч хариу мэдэгдэл илгээх системийг хөгжүүлэх,
  • ОӨУБЕГ –ын цахим мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх болон бусад ажлуудыг хэрэгжүүлэхээр болсон байна.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газартай байгуулсан энэхүү санамж бичгээр төрийн үйлчилгээнд тоон гарын үсгийг нэвтрүүлэх ажил нэн тэргүүнд хэрэгжих ажил гэдгийг Р.Содхүү дарга арга хэмжээний эхэнд хэлэв. 2011 онд Тоон гарын үсгийн тухай хууль батлагдаж, нэвтрүүлэх ажил яригдаж байсан боловч тухайн үед бэлтгэл ажлын түвшинд байсан билээ. Тэгвэл өнөөдрийн арга хэмжээгээр “Үндэсний Дата Төв” УТҮГ –ын захирал Б.Батжаргал “Тоон гарын үсгийг төрийн байгууллагуудад нэвтрүүлэх ажлыг “Үндэсний Дата Төв” УТҮГ анхааран ажиллаж байна. Манай байгууллага өдөр тутмын үйл ажиллагаандаа тоон гарын үсгийг ашиглаж байгаа бөгөөд цаашид шат дараатайгаар төрийн байгууллагуудад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Түүнчлэн санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын гүйцэтгэл, чанарт хяналт тавин ажиллана.” гэж хэлэв. “Үндэсний Дата Төв” УТҮГ өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн мэдээллийн технологийн газартай мөн хамтран ажиллах тухай санаж бичигт гарын үсэг зурсан билээ.