Үндэсний Дата төв болон ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль хооронд мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, их өгөгдлийн чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд их өгөгдөл, үүлэн тооцоолол, мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаанд суурилсан судалгаа, инновацын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг бодит хэрэглээнд нэвтрүүлэх болон салбарын чадварлаг хүний нөөцийг дадлагажуулж, бэлтгэхэд чиглэн ажиллана.
Монгол Улсын “Алсын хараа–2050” болон “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хэрэгжилтийг хангах, Их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан дижитал шилжилтийг бодитоор урагшлуулах хүрээнд салбарын бодлого, чиглэлтэй уялдуулан өндөр ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилтын нэг болоод байна. Энэ хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа нь мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн мэдлэг, ур чадварыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

