Технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO 2018” үзэсгэлэн 12 дах жилдээ Мишээл экспо төвд зохион байгуулагдаж байна. Уг үзэсгэлэнгийн үеэр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулдаг билээ.
Үндэсний Дата Төвөөс 2017 онд тус үзэсгэлэнгийн үеэр “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системээ танилцуулж, “Шилдэг шийдэл” шагнал хүртэж байсан билээ. Энэ жил тус төвөөс “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн системийг танилцуулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн иргэдэд хүрч буй үйлчилгээнүүдийг “ХУРДАН” шуурхай хүргэх дэд бүтцийг улам бүр бэхжүүлж буйг дуулгахад таатай байна.
“ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн систем нь цахим орчинд бүхий л төрлийн цахим үйлчилгээг авахад тухайн иргэнийг таньж баталгаажуулах боломжийг бүрдүүлэх бөгөөд хувийн хэвшил болон төрийн үйлчилгээний өөр хоорондоо харилцан хамааралгүй системүүдтэй нягт уялдаатай ажиллах боломжтой платформ бүхий систем юм.
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд “ДАН” системийг өөрийн үйлчилгээнд ашигласнаар өөрсдийн үйлчилгээгээ иргэдэд цахим хэлбэрээр хүргэх боломж бий болжээ. Та бүхэн Үндэсний дата төвийн танилцуулж буй “ДАН” системийг сонирхож буй бол Мишээл экспо төвөөр зочлохыг санал болгож байна. Тус үзэсгэлэн 2018 оны 10 дугаар сарын 02 –ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА !!!