Төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд 2016 оны 10 сарын 07-ны өдөр анх удаагаа “GOVTECH 2016” чуулга уулзалтаа хийлээ. Уг чуулга уулзалтыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо хамтран зохион байгуулсан. Эх орныхоо ирээдүйн хөгжил, эдийн засгийг технологийн хялбар аргаар шийдвэрлэхэд гол хөшүүрэг болох цахим засаглалын тогтолцоог хэрхэн зөв зохистой бүрдүүлэх, төсөв мөнгө хэмнэсэн шийдлээр төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн түргэн шуурхай, түгжрэлгүй бас хүнд сурталгүй хүргэх, аж ахуйн нэгж байгууллагуудтай хэрхэн хүч хавсарч ажиллавал илүү амжилтанд хүрэх талаар тэд харилцан туршлагаа солилцлоо.
Технологийн мэргэжилтнүүд Төрийн мэдээлэл солилцоо, Төрийн мэдээллийн дэд бүтэц, Төрийн мэдээллийн аюулгүй байдлын талаар хэлэлцэж, ‘Үндэсний Дата Төв’ УТҮГ-ын зүгээс уг арга хэмжээнд идэвхитэй оролцсон ба цахим засаглалын төслүүдэд багтсан төрийн үйлчилгээг танилцуулсан билээ.