Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав, “Үндэсний Дата Төв” УТҮГ-ын захирал Б.Батжаргал нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Арга хэмжээнд Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын академийн захирал, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа В.Бямбасүх, Цэргийн албаны зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Түмэнтулга, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга, цагдаагийн хошууч Х.Эрхэмээ, Мэдээлэл, технологи, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа В.Энхтайван, “Үндэсний Дата Төв” УТҮГ -ын Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Төрбат, Захиргаа, Төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Түвшинбат, П.Баттөр нар байлцав.
Санамж бичгийн хүрээнд мэдээллийн технологийн чиглэлийн олон улсын болон дотоодын арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах, цахим халдлагыг бууруулах, таслан зогсоох талаар болон бусад ажлыг хэрэгжүүлэхээр тусгагджээ. Мөн талууд төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх юм.
Энэ үеэр Хууль сахиулахын их сургуулийн удирдлагын академийн захирал, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар “Мэдээллийн аюулгүй байдлын салбарт хэрэгжүүлэх олон ажилд Үндэсний Дата Төвийн үүрэг оролцоо ихээхэн байгаа. Мөн Хууль сахиулахын их сургуулийн үүрэг, оролцоо өндөр байх ёстой. Иймд мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх, програм хангамжийг хөгжүүлэх хүрээнд Үндэсний дата төвтэй нягт хамтарч ажиллана.” гэв.