Цахим аюулгүй байдлын чиглэлээр олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдтэй мэдээлэл, мэдлэг чадвараа солилцох, арга туршлагаа хуваалцах, шинэ шийдэл, технологитой танилцах боломжуудыг бидэнд олгодог Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын хамгийн том арга хэмжээ “MNSEC 2017” уулзалт, өдөрлөг 9 дүгээр сарын 28, 29 –ний өдрүүдэд “Corporate Hotel & Convention Center” –т амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус арга хэмжээнд“SWITCH-CERT”, “CERT-PI”, “Arbor Network”, “Fortinet”, “Palo Alto”, “Trend Micro”, “Micro Focus”, “Sophos”, “Forescout”, “Team Cymru” зэрэг 5 орны 16 аюулгүй байдлын мэргэжилтэн, судлаачид оролцож, Олон Улсад болон Монгол Улсад болсон сүүлийн үеийн халдлагын шинжилгээ, судалгааны үр дүнг танилцуулж, тэдгээрээс хэрхэн сэргийлэх арга, техникийн талаар зөвлөгөө өгч мэдлэгээ хуваалцсан юм.
Арга хэмжээг Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат үг хэлж нээсэн ба эхний өдөр Монголын анхны вэб сайт бүтээгч С.Бадрал, (Доктор, Дэд Профессор) Ө.Эсболд, Arbor Network – Tony Teo, MNCERT/CC – Ж.Наранбат, Switch-Cert - Michael Hausding, Cert-Pl – Pawel Pawlinski, MNCERT/CC Л.Галбаатар нар өөрсдийн илтгэлийг тавьсан юм.
Арга хэмжээний хоёр дахь өдрийг MNCERT/CC Д.Цэнгүүнжав “Using Honeypots for Learning & Detection сэдвээр эхлүүлсэн ба MNCERT/CC зөвлөх Ц.Ганболд, TeamCymru - Irek Parafjanczuk, Аюулгүй байдлын мэргэжилтэн - Д.Даваатулга, Korea University - Б.Мөнхбаяр, ШУТИС – МХТС - Г.Дашзэвэг нарын илтгэлээр үргэлжилсэн ба “Харуул занги 2017”** тэмцээний Финал буюу 3-р шат тус өдөр амжилттай явагдаж өндөрлөсөн юм.
Арга хэмжээний хоёр дахь өдөр “Practical Malware analysis” сэдвээр Г.Алтангэрэл,“Essential security utilities” сэдвээр Доктор дэд профессор Ө.Эсболд нар нийт ирсэн зочдоос нээлттэйгээр бүртгэн тодорхой тоо бүхий зочдод сургалт явуулсан юм.
Уг арга хэмжээний 2-дахь өдөр "Харуул Занги 2017" тэмцээний 3-р шат явагдсан ба уг тэмцээнд “Хорчин” баг 917 оноогоор 10 бодлогоос 9 бодлогыг бодон тэргүүн байранд шалгарч, “1up” баг 812 оноотойгоор удаах байранд шалгарлаа.