Үндэсний Дата Төв | Where Information lives...

шинэ жилийн мэндчилгээ

Монголын Үндэсний дата төвийн цахим хуудсанд зочилсон эрхэм хэрэглэгч, хамтран ажиллаж буй танд шинэ жил, шинэ оны баярын мэнд хүргэе.

Мэдээлэл харилцаа холбооны технологи нь мэдээллийн сан байгуулах, тэдгээрийг иргэд болон аж, ахуйн нэгж байгууллагатай холбох дэд бүтцийг хөгжүүлэх, ашиглахад хялбар хэрэглэгчдийн програм хангамжийг хөгжүүлэх, мэдээлэл дамжуулах, боловсруулах, хадгалах, тэдгээрийн аюулгүй байдал, нууцлал хамгаалалтын асуудалд тавигдах шаардлага зэргийг хангасан мэдээллийн цогц баазыг бий болгох бөгөөд энэ нь манай орны, салбарын хөгжлийн нэгэн чухал хөшүүрэг юм.

Энэ ч утгаараа салбарын хэмжээнд 2016 оныг мэдээллийн аюулгүй байдал, интернэтийн зохистой хэрэглээг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан тус төвөөс олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэдлэг, ойлголтыг бий болгох, дэлгэрүүлэх зорилгоор цахим аюулгүй байдлын “Харуул Занги – 2016” тэмцээн, Олон Улсын болон дотоодын мэргэжилтнүүдтэй мэдээлэл, мэдлэг чадвараа солилцох, арга туршлагаа хуваалцах зорилгоор “MNSEC 2016” уулзалт, өдөрлөгийг холбогдох байгууллагуудтай хамтран амжилтттай зохион байгуулж, интернэт, цахим ертөнцийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын аюулгүй байдлын мэргэжилтэн, судлаачидтай уулзалт хийж, сүүлийн үеийн халдлагын шинжилгээ, судалгааны үр дүнг хэлэлцэж цаашид мэдээлэл технологи болон цахим аюулгүй байдлын чиглэлээр сургалт, судалгаа явуулж хамтран ажиллахаар боллоо.

Мөн төрийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож цахим мэдээллийн нэгдмэл, шуурхай, хүртээмжтэй байдлыг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд төрийн 40 гаруй байгууллагын цахим мэдээллийн санг байршуулж, төрийн мэдээлэл солилцоогоор дамжуулан төрөөс үзүүлэх үйлчилгээний бааз суурийг бий болгон боловсруулалт, хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэн, төрийн болон хувийн хэвшлийн нийт 1300 гаруй байгууллагад мэдээллийн технологид суурилсан үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилдээ
Од хийморь орчлонгийн сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг билэгдэн
Та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
“Үндэсний дата төв” УТҮГ