Үндэсний Дата Төв, Нийслэлийн Мэдээллийн Технологийн газрын удирдлагууд өнөөдөр хамтран ажиллах санаж бичигт гарын үсэг зурлаа.
Үйл ажиллагаанд Үндэсний Дата Төвийн захирал Б.Батжаргал, Нийслэлийн Мэдээллийн Технологийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Чинзориг болон бусад албаны хүмүүс оролцов. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд:
-Төрийн цахим мэдээлэл, өгөгдлийн сангийн нэгдмэл байдал, уялдаа холбоог зохицуулах
-Нийслэлийн нэгдсэн сүлжээ, дэд бүтцийн үйл ажиллагааны найдвартай байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдлыг дээшлүүлэх
-Нийслэлийн нэгдсэн сүлжээний дэд бүтцийг төрийн цахим үйлчилгээнд ашиглах талаар хамтран ажиллах
-Дата төвийн үндсэн үйлчилгээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх болон бусад ажлыг шат дараалалтай хийж гүйцэтгэх юм.
Үндэсний дата төвийн захирал Б.Батжаргал хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа хэлээд “Бидний хамтын ажиллагаа зөвхөн гарын үсэг зураад зогсохгүй, цаашдын төлөвлөгөөг бодит биелэлт болгон ажиллана.” гэв. Үндэсний Дата Төвөөс дотоод нөөц бололцоог ашиглан төрийн байгууллагын мэргэжилтнүүдэд мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, сургалт явуулах, зөвлөгөө өгөх боломжтой гэдгээ хэлэв. Ингэснээр салбарын мэргэжилтнүүдийн мэргэшлийн чадварыг дээшлүүлж шинэ дэвшилтэт технологид суралцах нөхцөл бүрдэх юм.